Эх ангийн багш : БСГ-ЫН 2011-2012 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ЗОРИЛТЫН ХЭРЭГЖИЛТ,ҮР ДҮН илтгэл

2012-2013 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН БАГА ХУРЛААР ТАВИГДСАН БСГ-ЫН 2011-2012 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ЗОРИЛТЫН ХЭРЭГЖИЛТ,ҮР ДҮН илтгэлийг толилуулж байна.

Эрхэм хүндэт багш-сурган хүмүүжүүлэгчид ээ !

Эрхэм хүндэт бага хурлын зочид, төлөөлөгчид өө !

 Та бүхний энэ өглөөний амар амгаланг айлтган, шинэ хичээлийн жилийн мэндийг дэвшүүлье. Та бүхэн зуны амралтаа тавтай сайхан өнгөрөөж, ирэх шинэ хичээлийн жилдээ улам их эрч хүчтэй ажиллах итгэл төгс байгаа гэдэгт найдаж байна.

2011-2012 оны хичээлийн жил нь бага, дунд боловсролын стандарт, хөтөлбөрийг олон улсад нийтлэг хүлээн зөвшөөрөгдсөн стандарт хөтөлбөртэй уялдуулан шинэчилж, боловсролын чанарын баталгааг хангах бодлого, бага насны хүүхдийн хөгжлийн стандартыг хэрэгжүүлж эхлэх, түүнчлэн эрүүл ахуй, аюулгүй байдлын баталгааг хангасан хяналтын систем бүхий үдийн хоолны үйлчилгээний загваруудыг бий болгох, хүүхэд багачуудыг эх орноороо бахархдаг, үндэсний ёс заншлаа дээдэлж, өдөр тутмын амьдралдаа хэвшил болгосон, үндэсний ухамсар, мэдрэмжтэй, хариуцлагтай иргэн болгож төлөвшүүлэхэд чухал нөлөө үзүүлэх шинэ хичээлийг орж эхлэх зэрэг хэд хэдэн онцлогтой байсан.

Эдгээр бодлогын хүрээнд БСШУЯ-аас дэвшүүлсэн зорилтуудтай уялдуулан Боловсрол, Соёлын Газраас ’’НЭГЖ ХИЧЭЭЛИЙН ЧАНАР, ҮР ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ’’ стратегийг үргэлжлүүлэн, эрх зүйн зохицуулалтын механизмуудыг ашиглан, “Боловсролын салбарын ажилтан, албан тушаалтан бүр үүрэг хариуцлагаа ухамсарлан, ур чадвар, ёс зүй, ажлын үр дүн, гүйцэтгэлийг дээшлүүлэн ажиллана” гэж үзэж дараах зорилтуудыг дэвшүүлэн өнгөрсөн хичээлийн жилийн бага хурлаараа бид хэлэлцэн баталсан билээ.

БСШУЯ болон БСГ-аас дэвшүүлсэн зорилтуудын хэрэгжилт, үр дүн үйл ажиллагааны талаар та бүхэнд товч мэдээллийг сонордуулъя.

Үүнд:

Нэг.2011-2012 оны хичээлийн жилд суралцагчдын хамран сургалтын цэвэр жин тодорхой хувиар ахиж, товлосон түвшинд хүргэх зорилтын хүрээнд:

Дорнод аймагт ЕБ-ын 25 сургуулийн 506 бүлэгт 13588 суралцагч, 24 цэцэрлэгт 3384 хүүхэд суралцсан. Статистик мэдээнээс үзэхэд сургуулийн өмнөх насны хүүхдийн цэцэрлэгт хамрагдалт 59.1%, өмнөх онтой харьцуулахад 3.8 %-аар өссөн байна.

Бага боловсролын хамран сургалт 96.8%, суурь боловсролын хамран сургалт 94.1 % буюу өмнөх онтой харьцуулахад 5.1 %-иар өссөн. Аймгийн хэмжээнд бүлэг дүүргэлт 26.8%-тай байлаа.

ЕБС-ийн 6 настай хүүхдийн хамрагдалт- 97,8 хувьтай. Нийт 1266 хүүхэд 1-р ангид элсэн орсон ба элсэгчдийн 170 буюу 13.4 хувь нь 5 ба түүнээс доош настай, 1047 нь 6 настай 45 нь 7-8 настай хүүхэд байгаа бөгөөд 6 настай сургуульд элсэн орсон хүүхдийн 99% нь СӨБ-д хамрагдсан байна. Бага боловсролын хамран сургалтыг нэмэгдүүлэх түүнтэй холбоотойгоор бага насны хүүхдийг завсардуулахгүй сургах талаар БСГ-аас ЕБС-уудын сургалтын менежерүүдтэй гэрээ байгуулан ажилласнаар сургууль завсардалт өмнөх хичээлийн жилээс 9 хүүхдээр буурсан байна.

 2011-2012 оны хичээлийн жилд 24 дотуур байранд 1234 хүүхэд дотуур байранд амьдрах хүсэлт гаргаснаас 1142 хүүхэд дотуур байранд амьдарсан нь дотуур байранд амьдрахаар хүсэлт гаргасан нийт хүүхдийн 92.5 хувийг эзэлж, өмнөх оноос 2.3% өссөн байна.

Хоёр. Сургууль, цэцэрлэгийн багш ажилтнуудын мэргэжил дээшлүүлэхсургалтын төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлэх зорилтын хүрээнд:

Аймгийн хэмжээнд сургууль, цэцэрлэгийн багш ажилтнууд 100% мэдлэг мэргэжлээ дээшлүүллээ. БСШУЯ-ны зөвшөөрөлтэй төрөлжсөн кредиттэй орон нутгийн сургалтад 308 багш, анхны жилийн сургалтад 48 багш, нийт 16 мэргэжлээр 5-6 удаагийн сургалтад давхардсан тоогоор ЕБС-ийн 2347 багш, 97 удирдах ажилтан, мөн СӨБ-ын 191 багш арга зүйг дээшлүүлэх чиглэлээр 7 удаагийн сургалтад хамрагдсанаас харахад ЕБС, цэцэрлэгийн багш нар 100%, мэргэжил, боловсролоо дээшлүүлсэн байна. Сургалтуудыг багш нарын эрэлт хэрэгцээнд тулгуурлан зохион байгуулахдаа тэдний мэдлэг чадварыг оношлон тогтоохын зэрэгцээ хэрэгцээт сургалтын судалгаа авч, хэрэгжилтийг хангаснаар оролцогчдын хэрэгцээнд нийцсэн гэж дүгнэж байна.

БСШУ-ны сайдын 2008 оны 74 дүгээр тушаалаар батлагдсан “Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын сургалтын байгууллагын багшид багшлах эрх олгох, хасах журам”-ын дагуу багшлах эрх авахаар хүсэлт гаргасан багш нарын материалтай танилцаж БСГ-ын арга зүйн зөвлөлийн хурлаар хэлэлцэн 67 материалыг БСШУЯ-д хүргүүлснээр БСШУ-ны сайдын 2011 оны 11 дугаар сарын 11-ны өдрийн 441 дугаар тушаалаар тус аймгаас багшлах эрх авахаар хүсэлт гаргасан 67 багшид Багшлах эрх олгогдсон.

БСШУ-ны сайдын 2008 оны 73 дугаар тушаалаар батлагдсан “Багшид мэргэжлийн зэрэг олгох” журмын дагуу багшийн мэргэжил, ур чадварын өсөлтийг харгалзан багшийн БСГ-ын эрх үүргийн хүрээнд 35 багшийн материалтай танилцаж арга зүйн зөвлөлийн хурлаар нэгбүрчлэн хэлэлцэж олголоо. Ингэхдээ багшийн мэргэжил болон ажлын байрны тодорхойлолтод заагдсан чиг үүрэг, үйл ажиллагааны чанар, үр өгөөжийн өсөлтөд тодорхой шалгуур үзүүлэлтээр үнэлгээ өгч дүгнэж байна. 2010-2011 оны хичээлийн жилд 29 багшид тэргүүлэх зэрэг олгосон бол 2011-2012 оны хичээлийн жилд 56 багшид тэргүүлэх зэрэг олгосон. Журамд заасны дагуу ЕБС-аас "Заах аргач" зэргийг 2010-2011 оны хичээлийн жилд 82 багшид, 2011-2012 оны хичээлийн жилд 88 багшид олгосон байна. Энэ хичээлийн жилд тус аймагт 373 мэргэжлийн зэрэгтэй багш ажиллаж байгаа нь нийт багш нарын 47,7 хувийг эзэлж байна. энэ нь өмнөх оноос 5,6 хувиар өссөн үзүүлэлт юм.

Гурав. ЕБС-ийн сургалтыг батлагдсан графикийн дагуу 11 ба 12 жилийн сургалтын төлөвлөгө, хөтөлбөрөөр зэрэгцүүлэн чанартай зохион байгуулж, хичээлийн судалгаа хийх арга зүйг өргөжүүлэх зорилтын хүрээнд:

Хичээлийн судалгааны арга зүйг нарийвчлан судлах, бэлтгэл судалгааны үед суралцагчдыг оношлон судлах, ээлжит хичээлийн үед суралцагчдын гаргаж болзошгүй алдааг урьдчилан тооцож, гарах арга замаа зөв чиглүүлэх, судлагдахуун, агуулга, арга зүй, хэрэглэгдэхүүний судалгааг хэрхэн хийх талаар мэдлэг ойлголттой болж, хэрэгжүүлэх талаар багш нар санаачилга гарган ажиллаж байна. Хичээлийн судалгаа хийх арга зүйд суурилсан сургалтыг бүсийн хэмжээнд Хан-Уул сургууль дээр БСШУЯ-тай хамтран зохион байгуулсны зэрэгцээ түгээх сургалтыг орон нутагт 2 удаа зохион байгуулж, 300 гаруй багш хичээлд судалгаа хийх арга зүйд суралцсан.

Үүний үр дүнд:

· Багш нар шинэ арга зүйг хамтран бүтээлцэж, судалгаат хичээлийн бэлтгэлийг ханган, хичээлээ зааж, хэлэлцүүлэг өрнүүлж, ээлжит хичээлийн хөтөлбөрийг сайжруулан хамтран боловсруулалтыг хийж хэвшсэн.

· Хичээлийн хэлэлцүүлгийн үед багш нар хамтран боловсруулж, хэрэгжүүлсэн хөтөлбөрөө хамтаараа засан сайжруулах нь дараагийн хичээлд гарах алдааг багасган үр дүнг тооцоход хялбар болно гэдгийг ухаарч шүүмжлэгчийн байр сууринаас бус хамтран хэрэгжүүлэгчийн байрнаас хандах хандлага бий болсон нь хичээлийн судалгааны аргад суралцсаны үр дүн байлаа.

· "Багшлахуйн арга зүйн хөгжлийг түгээн дэлгэрүүлэх тогтолцоог бэхжүүлэх" төслийн хүрээнд мэргэжлийн арга зүйн баг байгуулан төлөвлөгөө гаргаж сургалт зохион байгуулснаар арга зүйн хөгжилд ахиц гарсан.

· Хичээлийн судалгаа хийн хэлэлцүүлэг зохион байгуулж, бүсийн сургуулиудтай хамтран ажиллаж арга зүйгээр хангаснаар сургуулиуд “Хичээлийн судалгаа хийх арга зүй” -г өргөжүүлэн түгээн дэлгэрүүлэх нэгдсэн төлөвлөгөө хөтөлбөртэй болсон.

· Багшлахуйн арга зүйн хөгжлийг түгээн дэлгэрүүлэх тогтолцоог бэхжүүлэх төслийн мониторинг хийх төслийн эхний үе шатны үр дүнг үнэлэх, хичээлд судалгаа хийх арга зүйг эзэмшигчдэд дэмжлэг үзүүлэхэд БСГ – ын сургалтын багийнхан илүү чадваржсан зэрэг олон ахиц дэвшил гарч байна.

Дөрөв. Бага насны хүүхдийн бие бялдар, оюун ухаан, нийгэмшихүйн хөгжлийн нас насанд тавигдах нэгдмэл шаардлагын зэрэгцээ бага насны хүүхдийн цогц хөгжилд насанд хүрэгчдийн үзүүлэх дэмжлэгийг тодорхойлсон “Бага насны хүүхдийн хөгжлийн стандарт”-ыг хэрэгжүүлнэ.

Бага насны хүүхдийн бие бялдар, оюун ухаан, нийгэмшихүйн хөгжилд гарах өөрчлөлт, онцлог, тэдний асаргаа, эрүүл мэнд, халамж хамгаалал үйл ажиллагаанд тавигдах наад захын энгийн нийтлэг шаардлагыг тусгасан,  энэ чиглэлээр насанд хүрэгчдийн зүгээс үзүүлэх дэмжлэгийг тодорхойлсон бага насны хүүхдийн хөгжлийн стандартыг шинээр батлан гаргасан бөгөөд энэхүү стандарт нь шинээр мэндэлсэн хүүхдээс эхлэн сургуульд орох хүртэлх 0-6 насны бүх хүүхэд, тэдний эцэг эх, улмаар боловсрол, эрүүл мэнд, нийгмийн халамжийн салбарт ажилладаг хүмүүсийн үйл ажиллагааны  гарын авлага болох бөгөөд энэ чиглэлээр манай аймгийн СӨББ-ийн мэргэжилтэн болон сургагч багш нар хамтран Бага насны хүүхдийн хөгжлийн стандарт, хэрэгжүүлэх арга зүй сэдэвт 6 удаагийн сургалтыг төвлөрсөн болон бүсчилсэн хэлбэрээр аймгийн төвд 3 удаа, сумдад 3 бүс болгон зохион байгуулж, нийт 156 багш нарыг хамруулснаас гадна стандартыг эцэг эхэд сурталчлах, тэдний мэдлэг боловсролыг дээшлүүлэх зорилгоор БСГ-ын дэргэдэх “Эцэг эхэд зөвлөгөө өгөх төв” –өөс “Бага насны хүүхдийн хөгжлийн онцлог”,”Бага насны хүүхдэд үзүүлэх эцэг эхийн дэмжлэг сэдэвт 7 удаагийн сургалтыг зохион байгуулж нийт 70 эцэг эхийг хамруулсан. Бага насны хүүхдийн хөгжлийн стандартын хэрэгжилтэнд БСГ болон МХГ –аас хөндлөнгийн үнэлгээ хийсэн бөгөөд

· Багш нар стандартыг хэрэгжүүлэх шинэ арга зүйд суралцсан.

· Хүүхдийн эзэмшсэн мэдлэг,чадвар, дадал,төлөвшлийг сургалтын явцад үнэлэхэд 75%, эцсийн үнэлгээгээр 88 % тай шалгагдсан нь өмнөх хичээлийн жилийн стандарт хангалтаас 2% ахисан үзүүлэлттэй байна.

· Хөндлөнгийн үнэлгээг 2012 оны 3-р сард МХГ –ын улсын байцаагчтай хамтран хийхэд стандарт хангалт 81 % -тай шалгагдсан нь өмнөхөөс 1% -р ахисан зэрэг үр тодорхой үр дүнд хүрсэн байна.

Тав. Эрх зүйн орчны шинэчлэлийн хүрээнд гарсан баримт бичгүүдийн хэрэгжилтийг хангах зорилтын хүрээнд:

МУ-ын Их хурлын 2012 оны 05 дугаар сарын 09-ий хуралдаанаар Боловсролын тухай, Бага, дунд боловсролын тухай, сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталснаар боловсролын захиргааны болон мэргэжлийн удирдлагын харилцааны зохицуулалт, эрх үүргийн хуваарилалт оновчтой болж, багш нарын мэргэжил дээшлүүлэх байнгын тасралтгүй үйл ажиллагаатай институцэд суурилсан тогтолцоо бүрдэж, олон улсын түвшинд чанар нь баталгаажсан, өрсөлдөх чадвар бүхий боловсролын үйлчилгээг бий болгох, багш боловсролын ажилтны нийгмийн баталгааг сайжруулах  хууль, эрх зүйн таатай орчин бүрдэж байна. "Боловсролын тухай хууль"-ийн нэмэлт өөрчлөлтийг БСГ-ын мэргэжилтнүүдийн блогоор дамжуулан ЕБС, цэцэрлэгийн удирдлага, багш, ажилчдад хүргэхийн зэрэгцээ БСШУ-ны яамны вэб сайтын "Эрх зүйн сан" буланг тогтмол ашиглаж, ЗГ-ын тогтоол бусад албан ажлын холбогдолтой дүрэм журам шийдвэрүүдийг сурталчилж, хүргэж ажиллалаа. Боловсролын салбарт шинэчлэгдэн гарсан эрх зүйн актуудыг СӨБ, ЕБС-дад хүргэх, судалж сурталчлах ажлыг зохион орон нутагт зохион байгуулснаар Боловсрол олгохтой холбоотой бүх үйл ажиллагаа эрх зүйн хүрээнд хугацаандаа зохицуулагдсан гэж үзэж байна.
Зургаа. Бага, дунд боловсролын стандарт, сургалтын хөтөлбөрийг олон улсад нийтлэг хүлээн зөвшөөрөгдсөн ерөнхий боловсролын стандарт, хөтөлбөртэй уялдуулан шинэчлэх ажлын хүрээнд Дорнод аймгийн ЕБ-ын 1 сургуулийг шалгуур үзүүлэлтийн дагуу сонгон үндэсний лаборитари сургууль байгуулах бэлтгэл ажлыг хийх

Монгол Улсын ерөнхий боловсролын сургалтын чанар олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдөх эхлэл тавигдлаа.

Олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдөх чадвартай ерөнхий боловсролын тогтолцоог эх орондоо бий болгох зорилгоор Кембрижийн олон улсын хөтөлбөртэй уялдуулан, Монгол улсын ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийг шинэчлэх ажлыг эхлүүлсэн. Шинэчилсэн стандарт, хөтөлбөрт нийцүүлэн сурагчдыг үнэлдэг, боловсролын чанараа хянадаг, багшаа бэлтгэдэг, багш нарынхаа мэргэжлийг дээшлүүлдэг, сурах бичгээ зохиодог тогтолцоог цогцоор нь шинэчилснээр Монгол Улсын ерөнхий боловсролын сургалтын чанар Кембрижийн Их Сургуулийн олон улсын шалгалтын төвөөр баталгаажиж олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдөнө.  
2011-2012 оны жилд олон улсын хөтөлбөрөөр хичээллэх хос хэлний сургалттай "Шинэ эхлэл", "Монгол тэмүүлэл" сургуулиудыг шинээр байгуулж үйл ажиллагааг нь эхлүүлсэн. Түүнчлэн аймаг, нийслэлийн дүүргүүдэд 31 сургуулийг сонгож, бага, дунд боловсролын шинэчилсэн стандарт, сургалтын хөтөлбөрийн тохирцыг шалгах бэлтгэл ажлыг ханган ажиллалаа.
Дорнод аймгийн хувьд Хан – Уул цогцолбор сургууль шалгуур үзүүлэлтийн дагуу сонгогдон үндэсний лаборитари сургууль байгуулах бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд БСШУЯ-ны харьяа Шинэ эрин сургуульд “Кембержийн стандартад суурилсан шинэчилсэн хөтөлбөр”сэдэвт сургалтад тус сургуулийн багш удирдах ажилтнууд болон аймгийн БСГ- ын математик, бага анги, англи хэл, байгалийн ухааны мэргэжилтэн, БСГ-ын дарга нар хамрагдсан. Дээрх мэргэжлийн мэргэжилтэн, багш нар, удирдлагууд 2012 оны 8 сард 2 дахь удаагаа төвлөрсөн сургалтад хамрагдаж, 2 дахь удаагийн орон нутгийн сургалтыг Хан-Уул сургуулийн нийт багш нарт зохион байгуулаад байна. Тус сургуульд 2012 оны 04 сард Кембрижийн олон улсын мониторинг хийх баг ирж туршилт хичээл зохион байгуулж, багш нарын хичээлд сууж арга зүй, үйл ажиллагаатай танилцаж, хичээлийн хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Кембержийн стандартад суурилсан шинэчилсэн хөтөлбөрийн туршилтад хими, физик, биологи, математик, англи хэл, байгалийн шинжлэлийн хичээлүүдийг зохион байгуулснаар багш нарын заах арга зүй сайжирч, багшлах ур чадвар хөгжихийн зэрэгцээ сургалтын хөтөлбөр боловсронгуй болж, суралцагчдын хичээлд оролцох оролцоо нэмэгдэн суралцах үйл ажиллагаанд ахиц гарсан.

Долоо. Хүүхэд, багачуудыг эх орноороо бахархдаг, үндэсний ёс заншлаа мэддэг, өдөр тутмын амьдралдаа хэвшил болгосон, үндэсний ухамсар, мэдрэмжтэй, хариуцлагатай иргэн болж төлөвшүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх “Иргэний боловсрол” хичээлийг 1-3 дугаар ангид шинээр боловсруулсан агуулга, хөтөлбөр, сурах бичиг, зөвлөмжийн дагуу чанартай зохион байгуулах зорилтын хүрээнд:

            Эх оронч, уламжлал, соёлоо хүндэтгэн дээдэлдэг, хүмүүнлэг, хүмүүжилтэй иргэнийг төлөвшүүлэхэд гол анхаарлаа чиглүүлэн бодлогын зорилтуудыг дэвшүүлэн ажиллалаа.    Үндэсний уламжлалт ёс заншил, зан үйлийг эзэмшиж, соёл, уламжлалаа дээдэлдэг, иргэний эрх, үүргээ сахин биелүүлдэг, шударга ёсыг дээдэлдэг, хариуцлагатай, идэвхтэй иргэнийг төлөвшүүлэх нь нэн тэргүүний зорилт бөгөөд иргэний боловсрол хичээл нь энэхүү зорилгод хүрэх нэг түлхүүр юм.
Энэхүү зорилтын хүрээнд х
өтөлбөрийг судлах анализ хийж арга зүйг боловсруулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор "Иргэний боловсрол" хичээлийн 1-12 дугаар ангийн сургалтын хөтөлбөрийг шинээр боловсруулж, 2011-2012 оны хичээлийн жилээс 1-3 дугаар ангийн сурах бичиг, багш нарт зориулсан зөвлөмж, DVD материалыг боловсруулан түгээсэн. 2011-2012 оны хичээлийн жилийн эхэнд ЕБС- ийн бага ангийн 30 багшид “Иргэний боловсрол хичээлийн шинэчлэгдсэн агуулга, арга зүй “сэдвээр сургалтыг зохион байгуулсан. Мөн бага ангийн ЗАН-ийн ажлаар сургууль бүр иргэний боловсрол хичээлийн агуулгын хүрээ, 1-3-р ангийн сурах бичгийн агуулгад нийцүүлэн, нэгж хичээлийн хөтөлбөрийг боловсруулан хэрэгжилтийг ханган ажилласан төдийгүй 7-11 ангид жилд 35 цаг 1-р улиралд Харилцаа, 2-р улиралд Байгаль орчноо хамгаалах зан үйл, 3-р улиралд Хүн худалдаалах гэмт хэрэг, 4-р улиралд Төрөлх нутгийн бахархал сэдвүүдийн хүрээнд сурагчдын насны онцлогийг харгалзан тайлбар яриа,харилцан санал бодлоо солилцох, ярилцлага, дүрийн тоглолт , эссэ бичлэг, дүрс бичлэг зураглалын аргыг ашиглан шинэ мэдлэг олгох олон хэлбэрээр зохион байгуулсан нь хүүхэд багачуудыг эх орноороо бахархдаг, үндэсний ёс заншлаа мэддэг, хариуцлагатай иргэн болгон төлөвшүүлэхэд тухайн хичээлийн гол зорилго оршиж байлаа.
Найм.Шатрын спортыг ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрт оруулахаар боллоо.

Сурагчдын логик сэтгэлгээг хөгжүүлэх, тэдэнд тэвчээртэй, тэсвэр хатуужилтай, тууштай байх, аливаа зүйлийг олон талаас нь ургуулан бодох, ул суурьтай төлөвлөх зан чанарыг төлөвшүүлэх гээд хүмүүжлийн олон талын ач холбогдолтой шатрын спортыг ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрт оруулахаар шатрын анхан, дунд, гүнзгийрүүлсэн 3 шатны сургалтын хөтөлбөрийг баталгаажууллаа. 

Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх багшийг бэлтгэх сургалтыг БСГ-нь орон нутаг дахь шатрын холбоотой хамтран зохион байгуулж, ЕБС –д шатрын сургалт явуулах 23 багшийг хамруулсан. Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн суралцагчдын авьяас билгийг хөгжүүлэх, оюун ухааны гимнастик болох шатрын спортоор хичээллэх нөхцөлийг өргөжүүлэх зорилгоор шатрын сургалтыг аймгийн хэмжээний төрийн өмчийн 23 сургуульд клубын системээр зохион байгуулах зөвлөгөө өгснөөр 2010-2011 оны хичээлийн жилд 200 гаруй хүүхэд хамрагдаж байсан бол 2011-2012 оны хичээлийн жилд 345, аймгийн төвийн 10 цэцэрлэгт шатрын дугуйланд нийт 150 гаруй хүүхдүүд суралцаж байна. БСГ- нь аймгийн ХТХ – ийн дэргэдэх Босоо бэрс клубтай хамтран, цэцэрлэгийн насны хүүхдийн дунд аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж, бага насны хүүхдийн хөгжлийг дэмжин ажиллалаа.

Ес. Сургуулийн номын сангаар дамжуулан ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн бага ангийн сурагчдыг 100 хувь, дунд, ахлах ангийн сурагчдын 40 хувийг төрөөс сурах бичгээр үнэ төлбөргүй хангах, сурах бичиг худалдан авахад эцэг эхэд үүсэж буй санхүүгийн хүндрэлийг багасгах зорилгоор сурах бичгийн түрээсийн тогтолцоог нэвтрүүлж, сурах бичгийн эргэлтийн сан бий болгох туршилтыг туршин хэрэгжүүлэх зорилтын хүрээнд

Сурах бичгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхаарч түрээсийн тогтолцоог туршиж эхлэв.  Улсын хэмжээнд Ерөнхий боловсролын сургуульд 2011-2012 оны хичээлийн жилд ашиглах  33 нэрийн сурах бичгийг шинээр, 32 нэрийн сурах бичгийг дахин хэвлэж, нийт   65 нэр төрлийн 1,227,911 ширхэг сурах бичгийн ханган нийлүүлэлтийг хийж, 1,6 тэрбум төгрөг зарцуулсан бөгөөд манай аймагт 66.642.000 төгрөгийн сурах бичгийг шинээр нийлүүлж бүрэн тараагдаад байна.
Сурах бичгийн нэгжийн үнийг дундажаар 2000 төгрөг болгож, 2008 онтой харьцуулахад 50 хувь, 2010 онтой харьцуулахад 20 хувь бууруулснаас гадна бага ангийн бүх сурагчдыг 100 хувь, дунд, ахлах ангийн сурагчдын 40 хувь буюу дэмжлэг туслалцаа шаардлагатай сурагчдыг төрөөс үнэ төлбөргүй сурах бичгээр хангалаа.

Сурах бичгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор сурах бичгийн түрээсийн тогтолцоог нэвтрүүлж, сурах бичгийн эргэлтийн сан байгуулах ажлыг 2011-2012 оны хичээлийн жилээс туршилтын журмаар эхлүүлж, туршилтад Говь-Алтай, Дорнод, Увс, Хөвсгөл аймаг болон нийслэлийн Сонгинохайрхан, Налайх, Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын нийт 166 сургуулийн 13454 сурагчийг хамрууллаа.

Дорнод аймагт 2011-2012 оны хичээлийн жилд судалгаагаар 12 жилийн 8-9-р ангид 2288 сурагч байгаагаас 60% нь буюу түрээст хамрагдвал зохих 1323 сурагчаас 1044 сурагч түрээсийн сурах бичиг ашигласан байна. Сурах бичгийн түрээсийн тогтолцоог нэвтрүүлж, сурах бичгийн эргэлтийн сан бий болгосноор 12 жилийн 8, 9-р ангийн сурагчдыг 90-100% сурах бичгээр хангасан.

Сурах бичгийн хангалтын судалгааг анги бүрээр гаргаж дутагдалтай сурах бичгийг нийлүүлэх арга хэмжээг зохион байгуулснаар сурах бичиг худалдан авахад үүсэж буй санхүүгийн хүндрэл, сурагчдын сурах бичигтээ хандах хандлага өөрчлөгдөж, анги удирдсан багшийн ачаалал багассан.

Арав. Ерөнхий боловсролын сургуульд үдийн хоолны үйлчилгээг нэвтрүүлэх бэлтгэлийг хангах зорилгоор сургууль, цэцэрлэг, дотуур байрны хүүхдийн хоол, хүнсний хангамж, эрүүл ахуй, аюулгүй байдлын баталгааг хангасан загвар сургуулиудыг бий болгох зорилтын хүрээнд:

Эрүүл ахуй, аюулгүй байдлын баталгааг хангасан хяналтын систем бүхий үдийн хоолны үйлчилгээний загваруудыг бий болгож ажиллалаа.

БСШУЯ ерөнхий боловсролын сургуульд үдийн хоолны үйлчилгээг нэвтрүүлэх, олон улсын жишиг, загварт хүрсэн хоол, хүнсний комбинатын болон сургуулийн дэргэдэх хоол үйлдвэрлэл, үйлчилгээг бий болгох зорилгоор "Хөтөлбөрийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын тухай" Засгийн газрын 2011 оны 179 дүгээр тогтоолыг батлуулан, ирэх 4 жилийн хугацаанд үдийн хоолны үйлчилгээнд бүрэн шилжүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна.

Аймгийн хэмжээний сургууль, цэцэрлэгүүдэд байгалийн цэвэр бүтээгдэхүүн витаминлаг хүнс өгөх талаар санаачлагатай ажилласан бөгөөд сургууль бүр өөрийн нөөц боломжоо ашиглан 7 хоногийн 2-4 өдөрт халуун хоолоор үйлчилж байна.

· Хүнсний хангамж, эрүүл ахуй, аюулгүй байдлын баталгааг хангасан загвар сургууль, цэцэрлэгүүд бий болсон. Тухайлбал: Хэрлэн сумын 8,10,14 дүгээр цэцэрлэг, Баяндун, Баян - Уул сумын ЕБ – ын сургуулиудын үйл ажиллагааг түгээн дэлгэрүүлэх ажил үе шаттайгаар хийгдэж байна.

· Аймгийн хэмжээний загвар сургуулиудын туршлагыг сургууль, цэцэрлэгүүд нөхцөл байдалдаа тохируулан, харилцан туршлага судалж хэрэгжүүлдэг болсон.

Арван нэг: Диплом, гэрчилгээг кирил, монгол зэрэгцүүлсэн бичлэгтэйгээр олгож байхаар боллоо.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн "Монгол бичгийн албан хэрэглээг нэмэгдүүлэх  тухай" зарлигаар бүрэн дунд боловсролын үнэмлэх, суурь боловсролын гэрчилгээ, мэргэжлийн боловсролын үнэмлэх, их дээд сургуулийн бакалавр, магистр, докторын  дипломыг кирилл, монгол зэрэгцүүлсэн бичлэгтэйгээр олгож байхаар боллоо. БСШУ-ы сайдын тушаалаар эдгээр албан баримтын загварыг монгол бичигт хөрвүүлэх ажлын хэсэг бүх шатны  боловсролын баримт бичгийг монгол бичиг рүү хөрвүүлэх ажлыг хийж дуусгалаа. Шинэ бичлэгтэй боловсролын баримт бичгийг 2011-2012 оны хичээлийн жилийн төгсөлтөөс эхлэн олгож, аймгийн хэмжээнд 1756 төгсөгч суурь боловсролын гэрчилгээ, 1209 төгсөгч бүрэн дунд боловсролын үнэмлэхтэй төгслөө.

Арван хоёр. Хүүхдийн хүмүүжил, төлөвшлийг сайжруулахад чиглэсэн цогц арга  хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэх зорилтын хүрээнд:

Хүүхдийн хүмүүжил, төлөвшлийг сайжруулахад чиглэсэн цогц арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүллээ.Улсын төрөлжсөн олимпиадын хоёрын давааг аймгийн хэмжээнд 3 сарын 28-30-ы өдрүүдэд зохион байгуулсан. Олимпиадад 1211 сурагч оролцож, тэргүүн байр эзэлсэн сурагчид улсын олимпиадад амжилттай оролцлоо. Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг "Уран жиргээ" наадамд цэцэрлэгийн насны 26, бага ангийн32, дунд ангийн 34, ахлах ангийн 17, нийт-109 сурагч, "Хүрэл тулга" наадамд дунд анги-30, ахлах анги-16 сурагч нийт 46 сурагч оролцсон.

СӨБ –ын 5-6 настай хүүхдүүдийн дунд “Спортын олон төрөлтийн тэмцээн”-ийг 2012 оны 5-р сарын 4 нд Хэрлэн сумын 12-р цэцэрлэг,Дорнод аймаг дахь “Mobi Com” салбартай хамтран явууллаа. Уралдаанд нийт 28 хүүхэд оролцлоо.

Энэхүү тэмцээн нь Бэлтгэл бүлгийн хүүхдийн бие бялдрын хөгжлийн сургуульд бэлтгэгдсэн байдалд үнэлгээ дүгнэлт өгөхөөс гадна,бага насны хүүхдийн багаар хамтран ажиллах төлөвшлийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой болж өнгөрлөө.

Бага насны хүүхдийн сэтгэн бодох,авьяас чадварыг хөгжүүлэх,улс,аймаг бүсийн чанартай цэцэрлэгүүдэд бэлтгэн оролцуулах зорилгоор аймгийн “Босоо бэрс” шатрын холбоотой хамтран 2011 оны 5-р сарын 10 нд аймгийн цэцэрлэгүүдийн шатрын аварга шалгаруулах “Шатар -2012 “тэмцээнийг зохион байгууллаа. Тэмцээнд 4-6 насны 30 хүүхэд оролцож оюун ухаанаа сорилоо.

Аймгийн ЕБС- ын ахлах ангийн суралцагчдын дунд зохион байгуулсан АСК-ШОУ” уралдаан тэмцээнд аймаг сумын 12 сургуулийн 13 баг оролцлоо. Ая эгшгийн 6 жигүүр” өсвөрийн гоцлол хөгжимчдийн YIII наадам 2012.03.26-27ны өдрүүдэд Улаанбаатар хотноо явагдаж, уг наадамд хот хөдөөгийн 160 гаруй суралцагч оролцсон бөгөөд Дорнод аймгаас Хөгжмийн мэргэжлийн сургалттай 12-р сургуулийн ёочин хөгжмийн 7 сурагч, 1 багшийн хамтаар оролцоод ирсэн зэрэг хүүхэд хөгжил, төлөвшлийн чиглэлээр нэлээдгүй ажил зохион байгуулагдлаа.

ЕБС, цэцэрлэгийн хүүхдүүдийн дунд хүүхэд хүүхдээ хайрлах сайхан сэтгэлийг төлөвшүүлэх зорилгоор өвчтэй болон халамж шаардлагатай хүүхдэд туслах аяныг өрнүүлж хэвшсэн байна. Т/бал: Э.Нарангуа охины эмчилгээний зардалд нэмэр хандив болгох хандивийн аяныг өрнүүлэн нийт 264780 төгрөгийг эцэг эхэд нь, Автомашины ослын улмаас хүнд гэмтэл авсан, сахарын шижин өвчтэй Д.Пүрэвдоржид эмчилгээний зардалд нь нэмэр хандив болгож сургуулийн хэмжээнд цугларсан 156.000 төгрөгийг ээж Д.Энхцэцэгт нь, Давсагны хорт хавдартай Энхдөлгөөн хүүгийн эмчилгээний зардалд нэмэр хандив болгох хандивийн аяныг өрнүүлэн нийт 108,000 төгрөгийг ХТХ-ийн Наранбаатарт тус тус хүлээлгэн өгсөн байна. Мөн “Сайн үйлсийн аян” өрнүүлэн 9 өрхийн 14 хүүхдэд 865000 төгрөгийн бэлэн мөнгө, хичээлийн хэрэгсэл, хувцас, хүнс, ахуйн барааг багийн засаг дарга Туяацэцэгийг байлцуулан гамшигт өртсөн өрхийн хүүхдүүд, эцэг эхчүүдэд гардуулан өгсөн зэрэг олон зүйлийг дурдаж болохоор байна.

Арван гурав. Багшийн ёс зүйн дүрмийг мөрдөн, зөрчил гаргасан багш, удирдах ажилтанд хүлээлгэх хариуцлагыг өндөржүүлэх зорилтын хүрээнд:

Ёс зүйн зөвлөл нь анхдугаар хурлаараа бага, дунд боловсролын газраас гаргасан зөвлөмжийн дагуу зөвлөлийн болон нарийн бичгийн даргаа сонгож, үйл ажиллагааныхаа чиглэлийг хэлэлцэн боловсруулан, үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу сургууль, цэцэрлэгт анхан шатны хороог шинэчлэн байгуулж ажилласан байна.

Ерөнхий боловсролын 23 сургууль, 25 цэцэрлэгт анхан шатны ёс зүйн хороо байгуулагдан ажиллаж байна.

Сургууль, цэцэрлэгт анхан шатны ёс зүйн хороо байгуулагдан ёс зүйтэй холбоотой асуудлаа анхан шатны нэгж дээр нь шийдвэрлэх боломж бүрдүүлэхийн зэрэгцээ жилийн ажлын төлөвлөгөө гарган ажиллаж харилцаа ёс зүйн чиглэлээр мэдээлэл хийн, сургалт зохион байгуулах зэрэг нөлөөллийн ажлуудыг хийжээ. Сургууль цэцэрлэгийн дэргэдэх ёс зүйн салбар хороод тогтмол үйл ажиллагаа явуулахгүй өргөдөл гомдол ирвэл хэлэлцэхээс өөр ажлыг зохион байгуулахгүй, гаргаж байгаа шийдвдэр нь ёс зүйн дүрмийн хэрэгжилтйг хангахгүй,тал зассан шинжтэй байгаагаас багш нар ёс зүйн зөарчил гаргасаар байгаад дүгнэлт хийж шинээр сонгогдох ёс зүйн хороо ажлаа бүтээлчээр төлөвлөн ажиллах нь зүйтэй.

Аймгийн багшийн ёс зүйн зөвлөл” -ийн үйл ажиллагааг ил тод болгох үүднээс аймгийн багшийн ёс зүйн http://dd-teacher.bblog.mn гэсэн БЛОГ нээн ажиллуулан багш, эцэг эх, суралцагчийг багшийн ёс зүйн талаар мэдээллийг интернэтээс авах боломжоор хангасан.

Арван дөрөв. Албан сургалтын үйлчилгээнд хамрагдах боломж нь хязгаарлагдсан хүүхэд залуучуудад албан бус боловсролын үйлчилгээг хүргэхийн тулд албан бус боловсролд хамрагдагчдын бүртгэлийг чанаржуулах, бүртгэлд буй суралцагчдын хөгжил өөрчлөлтийг мэдээллийн санд оруулж, үйл ажиллагааны үр дүнг тооцно гэсэн зорилтын хүрээнд:

Албан боловсролд хамрагдагчдын бүртгэлийг мэдээллийн санд оруулж, цахим мэдээллийн баазтай боллоо.

Албан бус боловсролын багш нарын “Холимог бүлгийн сургалт”-д АББ-ын үндэсний төвийн мэргэжилтэн н.Чинтогтох, н.Идэржаргал нар урилгаар ирж, сургалтыг орон нутагт 2012.01.30-02.01-ий өдрүүдэд зохион байгууллаа. Үүний үр дүнд АББ-ын багш нар АББ-ын мэдээллийн баазыг шинэчлэн, цахим хэлбэрээр мэдээллийн баазтай боллоо.

Аймгийн хэмжээнд дүйцсэн хөтөлбөрөөр 47 сурагч суурь боловсрол эзэмшсэн бол энэ нь өмнөх оныхоос 38 хүнээр буурсан үзүүлэлттэй байгаа нь суурь боловсролын сургууль завсардалт буурч байгаа байдал харагдаж байна.

Арван тав.Тайлан мэдээг зохих шаардлагын нь дагуу бүрэн гүйцэт, хугацаанд гаргах хариуцлагыг өндөржүүлэх , хяналт тавих талаар

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2008 оны 337 дугаар тушаалаар баталсан Аймаг, нийслэлийн Боловсрол, соёлын газрын үйл ажиллагааг үнэлэх журам-д заасан шалгуур үзүүлэлтүүдийг баримтлан Боловсрол, соёлын газрын 2011 оны үйл ажиллагааны тайлан үнэлгээ гаргаж БСШУЯ-д хүргүүлсэн ба аймаг нийслэлийн БСГ-уудыг БСШУЯ үнэлсэн үнэлгээнд анализ хийж гарсан амжилтуудыг бататгах бууруулахгүй байхад анхааран ажиллаж байна. Манай аймгийн хувьд 6 настай хүүхдийн хамран сургалт, бага, суурь боловсролын хамрагдалт, сургууль завсардалт зэрэг боловсролын салбарын гол үндсэн үзүүлэлт улсын дунджаас дээгүүр үнэлэгдсэн.

Харин цэцэрлэгт хамрагдалтын индекс, мэргэжилтэй соёл урлагийн ажилтны хангамж тэдний мэргэжил дээшлүүлт гэсэн тоон үзүүлэлт улсын дунджаас доогуур гарсанд бид анализ хийж шалтгааныг тодруулан тодорхой зорилт дэвшүүлэн ажиллах болно.

БСШУЯ-аас үнэлсэн чанарын үнэлгээнд мөн дүгнэлт хийж ажиллах нь зүйтэй. Манай боловсрол, соёлын байгууллагууд удирдах ажилтнууд багш нар ажлын хариуцлага, ёс зүйн хэм хэмжээг сахин биелүүлэх шаардлагатай бөгөөд сургууль цэцэрлэг бүр өөрийн байгууллагын үйл ажиллагаанд дотоодын хяналт-шинжилгээ хийх, үйлчилгээний соёл, чанарыг сайжруулах талаар онцгой анхааран ажиллаж бодлого төлөвлөгөөндөө зорилт болгон тусгах нь зүйтэй.

Салбарын хөрөнгө оруулалт: Салбарын хөрөнгө оруулалт өсөж нэг их наяд хүрлээ.
Төрөөс боловсролын салбарт онцгойлон анхаарч Монгол Улсын 2012 оны Төсвийн тухай хуулиар боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарын 2012 оны төсвийг 1100.4 тэрбум төгрөгөөр баталсан нь өмнөх оныхоос 262.6 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, улсын нийт төсвийн 23.8 хувьтай тэнцэж байна. Түүний дотор салбарын улсын төсвийн хөрөнгө оруулалт 2011 оныхоос 1.6 дахин нэмэгдэж, 209.8 тэрбум төгрөгт хүрлээ. 
Аймгийн боловсролын салбарт 2011 онд улсын төсвөөс 5.844.001.391 төгрөгийн мөн төсөл хөтөлбөрөөс 454.661.601,6 төгрөгийн, орон нутгаас 39.293.102, ААН хувь хүнээс 142.507.884 төгрөгийн хөрөнгө оруулалтаар нийт 51 төрлийн барилга байгууламж, засвар, тоног төхөөрөмж, эд материалын хөрөнгө оруулалтын ажлыг чанарын сайн үнэлгээтэйгээр хийж ашиглалтад өгсөн байна.

2012 онд 3 сургуулийн барилга,3 сургуулийн спорт заал ,7 цэцэрлэг баригдаж байгаагаас 8 дугаар сургуулийн 4 ангитай өргөтгөл , 2 цэцэрлэг ашиглалтад орж 2 цэцэрлэг 9 дүгээр сард, 1 цэцэрлэгийг 11 дүгээр сард ашиглалтад өгөхөөр ажиллаж байна.Мөн 1940,0 сая төгрөгийн сургууль , цэцэрлэгийн барилгын болон сантехникийн засвар орон нутагт эрх шилжин хийгдэж, 374,968,832 төгрөгийн тавилга тоног төхөөрөмж улсын төсвөөс нийлүүлэгдэж сургалтын таатай орчин бүрдэн, сурах, сургах үйл ажиллагааг чанартай зохион байгуулах боломжтой боллоо..Боловсролын салбарт Сургуулийн өмнөх боловсролын байгууллагад төрийн ба төрийн бус өмчийн 5 цэцэрлэгийн барилга шинээр баригдсанаар 523 хүүхдийг цэцэрлэгт нэмж хамруулан хамран сургалт 2.1 хувиар ахилаа. Сургамж: Шинээр баригдах барилгын зураг төслийн ажил хугацаандаа хийгддэггүйгээс барилгын гүйцэтгэлийн ажил удааширч, ашиглалтад орох хугацаа хойшлогдох мөн барилгын ашиглагч, гүйцэтгэгч байгууллагуудын ажлын зохион байгуулалт хангалтгүй байгаагаас төлөвлөсөн ажил тасалдаж хугацаандаа ашиглалтад орж чадахгүйд хүрч байна. Тухайлбал: Хэрлэн сумын 6 дугаар цэцэрлэгийн 200 сая төгрөгийн төсөвт өртөгтэй ажил цэцэрлэгийн эрхлэгчийн буруутай үйл ажиллагаанаас удааширч уржигдар 23-ны өдөр гүйцэтгэгч нь шалгарч засварын ажил хийгдэж эхлээгүй,4 дүгээр багт баригдаж байгаа 640 хүүхдийн хичээлийн байрны барилгын ажил 2010 онд ашиглалтад өгөх байтал 2012 оны 8 дугаар сарын байдлаар гүйцэтгэл хангалтгүй явагдаж байна.

2012 оны 4 дүгээр сард УМХЕГ-ын шалгалт манай аймагт хийгдэж шалгалтын дүгнэлт, албан шаардлагыг бидэнд хүргүүлээд байна. Энэ талаар би удирдах ажлтны сургалтан дээр тодорхой ярисан бөгөөд илэрсэн зөрчлийг арилгах ажлыг зохион байгуулж 8 сарын 15, 11 дүгээр сард албан шаардлагын хариуг өгөхөөр ажиллаж байна. Энд би цөөн жишээ дурдъяа 9 дүгээр ангийн сурагчдаас математик, физик, түүхийн хичээлийн стандартын хэрэгжилтын түвшин тогтоох шалгалтаар 32.2 хувь, амжилттай 9.1 чанартай шалгагдсан, багш нараас авсан шалгалтаар манай багш нар хангалтгүй шалгагдсан , багш нараас мэргэжлийн шалгалт аваагүйгээс БСГ-ын үнэлгээ 30 оноогоор хасагдаж дунд эрэсдэлтэй дүгнэгдсэн , хууль, журмыг мөрдөж , ажлын байрны тодорхойлолтын шаардлагыг хангах талаар сургууль , цэцэрлэгийн удирдлага , хувь хүн санаачлагагүй ажилласнаас гарч буй эрсдэл зэрэгт бид дор бүртээ дүгнэлт хийж зөрчлийг арилгаж ажиллах нь зүйтэй.

Монгол улсад орчин цагийн боловсрол үүсч хөгжсөний 90 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүллээ. Монгол Улсад ардын хувьсгал ялж, олноо өргөгдсөний арваннэгдүгээр он буюу 1921 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн Ардын Засгийн газрын хурлаар "Бага сургууль байгуулах тухай" тогтоолыг баталж,  Нийслэл хүрээнд буюу  одоогийн Улаанбаатар хотод анхны бага сургуулийн шавыг тавьж, 59 хүүхэд, 2 багштайгаар хичээллэж эхэлснээр өнөөгийн шинэ цагийн боловсролын салбарын эхлэл тавигдсан түүхтэй.Эдүгээг хүртэл 90 жилийн хугацаанд манай боловсролын салбар маань сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсрол, мэргэжлийн болон дээд боловсрол гэсэн тогтолцоотойгоор дэлхий хэмжээний боловсрол болтлоо хөгжөөд байна.

2011-2012 оны хичээлийн жилийн тайлан илтгэлийг дэвшүүлсэн зорилтын хүрээнд та бүхэнд товчхон хүргэлээ. Зарим зүйлийг хэт нуршихаас болгоомжилж электрон хэлбэрээр хүргэж байгаа бөгөөд анги дэвших болон төгсөх шалгалтын дүн мэдээ, ерөнхий шалгалтын дүн түүнд хийсэн анализыг тусгайлан танилцуулах учраас та бүхэн илтгэлүүдийн дараа санал бодлоо илэрхийлж шинэ хичээлийн жилд дэвшүүлэх зорилго зорилтуудад үнэтэй санал зөвлөмжөө өгнө гэдэгт найдаж байна.Та бүхний шинэ хичээлийн жилийн ажилд улам их эрч хүч, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе.

Анхаарал тавьсанд баярлалаа.

start=-48 , cViewSize=50 , cPageCount=1

2 сэтгэгдэл:

null
жанерке (зочин)

sain uu?

жанерке (зочин)

setgegdel baihgui

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)